Thursday, May 31, 2007



Ажил ихтэй, ачаалал өндөр өдрүүд байлаа।Бас сэтгүүлийн нийтлэл дэх фонтууд хэвлэлийн газрын буруугаас болж зөрснийг удирдлага маань ойлгохгүй толгой эргэтэл загнадаг байна ш т। Менежер маань сэтгүүлийн агуулга муу байгаа гэж хүмүүс хэлж байна гээд палхийтэл хэлээ л... Урд өмнө нь яагаад надад хандаж ингэж хэлдэггүй байсан юм бол гэж бодоод гомдох ч шиг। Хэн нэгний санаа, шүүмжийг сайн сонсдог гэж бодсон юмсан। Гэтэл нэг л биш ээ... За энэ ч яахав। Хүн загнуулахгүй, шүүмжлүүлэхгүй хаана явахав, хамгийн гол нь тэрэн дотроос хэрэгтэйг нь авч чаддаг л байхсан... Цалингаа авч өөртөө зуны сандаал авлаа। Би зах, дэлгүүр хэсэх үнэн дургүй। Яалт ч үгүй хэрэгцээт үедээ явахаас өөр арга байхгүй юм даа। Ер нь их сонин өдөр байлаа... Амралтын өдрөөр ч гэсэн юм уншиж, шинэ ном шинэ мэдээлэл шинэ санааны төлөө хэрэндээ л зүтгэж ажиллаж байхад түүнийг мэдэрч, үнэлэхгүй байна гэдэг нэг талаар миний л алдаа юм уу даа। Ямар ч чухал биш зүйлийг үнэхээр хэрэгтэй мэт ойлгуулдаг чадвар бүхий хүмүүс байдаг। Харин би хийсэн сайн ажлуудаа хүнд ойлгуулж чадахгүй байна... Нэгэн бодлын арчаагүй... За яахав, оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ। Маргааш аялал жуулчлалын чиглэлээр шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа нэгэн компанийн захирлаас ярилцлага авна। Бүтэн сайн өдөр монгол инженерүүдийн хийсэн шинэ электробусын талаар сурвалжлага хийнэ। Ажилдаа дуртай байх ч үнэхээр сайхан шүү। Алдаа гаргаж байна гэдэг бол ажил хийж байгаагийн шинж гэдэг үг бий। Шүүмжлүүлнэ гэдэг чи өөрөө оршин буйн тэмдэг ч гэж ярьдаг। Солонго хаана ч явсан сэргэлэн болжмор шиг л байна шүү гэж өөрийгөө зоригжуулъя... Энэ сайхан мэргэжлийн ачаар монголынхоо олон сайхан хүмүүсээс ярилцлага авч байлаа। Цаашид ч үргэлжлэх буй заа। Монголыг дэлхийн тавцанд сайн сурталчилж байгаа, зохион бүтээгч Түмэн - Өлзий гуайтай ярилцаж байгаа зураг। Сансарт байрлах Оюун ухааны музейг та өөрөө болон аав ээж, ах дүү, найз нөхөд, хань, үр хүүхдэдээ заавал үзүүлээрэй। Монгол хүний ур ухаан шингэсэн олон зүйлийг тэндээс харах болно। Энэ блогийг сонирхож буй та бүхэн надад шинэ санаа, мэдээлэл өгч, сайн шүүмжилж байгаарай।




Monday, May 28, 2007



Гадаа сайхан өдөр байна. Урин цагтай хамт хүний сэтгэл ч гэсэн зөөлөрч, нялхардаг юм уу даав Архиваа харсан чинь би ямар их зураг авахуулсан юм бэ дээ... Гэрэл зурганд үлдэх тэр агшинг хараад ямар ч тайлбаргүйгээр хүмүүс ойлгодог. Ноднин Төв аймгийн Алтанбулагт "Цахим өртөө холбоо"-ныхон маань нэг бүтэн өдөр үнэхээр сайхан амарцгаасан. Охидын дунд дээс, харин хөвгүүдийн дунд сумо-гийн тэмцээн зохиогдсон. Тэр үеэр сагсчин Шараваатай зургаа авахуулсан маань энэ. Би ч бас дутахааргүй сагсчин царайтай байгаа биз? хэ хэ хэ

Аз жаргал, Мөнгө, Мөнгийг үрэхийн тухайд

Питер Сингер / Принстоны ИС-ийн Биоэтикийн профессор/

Хэрэв та илүү чинээлэг байсан сан бол илүү аз жаргалтай байх сан уу? Олон хүн тийм гэж хариулах биз ээ. Гэтэл олон жилийн судалгаанаас үзвэл хөрөнгө чинээний хэмжээ орлогын доогуур төвшинд л илүү аз жаргал авчирдаг аж. Жишээ нь, жирийн америк хүн Шинэ Зеландчуудыг бодвол илүү хангалуун амьдралтай боловч илүү аз жаргалтай биш аж. Австри, Франц, Япон, Германд хүмүүс нь Бразиль, Колумби, Филлиппин зэрэг ядуу орны хүмүүсийг бодвол мөн л илүү аз жаргалтай биш байна. Өөр өөр соёлтой улс орныг хооронд нь харьцуулах нь төвөгтэй ч байдлыг нэг улсын дотор авч үзэхэд орлогын илт доогуур төвшин (тухайлвал, АНУ-д жилийн орлого 12000 америк доллараас доогуур)-г эс тооцвол төстэй дүр зураг харагдаж байна. Орлогын доод хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд орлогын өсөлт хүмүүсийн аз жаргалтай байдалд төдийлөн өөрчлөлт авчирдааггүй байна. Америкчууд 1950-аад оны үеийг бодвол чинээлэгжсэн боловч илүү аз жаргалтай болсонгүй. Өнөөдөр жилийн 50-90 мянган долларын дундаж орлоготой америкчууд жилийн 90 мянгаас дээш орлоготой чинээлэг америкчуудтай бараг ижил хэмжээний аз жаргал эдэлдэг аж. Аз жаргалын талаархи судалгаа хүмүүсийн ахуй амьдралдаа аль хэр сэтгэл хангалуун байдгийг сонирхдог ажээ.

Гэтэл ийм маягийн судалгааны үр дүнд итгэл, үнэмшилтэй хандах нь учир дутагдалтай. Учир нь амьдралдаа зүгээр л нэг “сэтгэл хангалуун” байх эсэхээр хүмүүс өдөр тутмын амьдралаа үнэхээр аз жаргалтай өнгөрөөдөг эсэхэд дүгнэлт өгч болохгүй. Принстоны Их Сургуулийн Даниел Канеманн, нөхдийн хамт судалгаа явуулж, хүмүүсийн сэтгэл санааны хангалуун байдлыг хэмжихийн тулд тэдний сэтгэл санаа нэг өдрийн туршид хэрхэн өөрчлөгддөгийг сонирхжээ. Шинжлэх Ухаан сэтгүүлийн 6-р сарын 30-ны дугаарт нийтлэгдсэн уг судалгааны дүнгээс үзэхэд орлого, аз жаргалтай байх хоорондын хамаарал тун бага байгаа нь харагджээ. Канеманн, түүний нөхөд харин ч эсрэг буюу орлого ихтэй хүмүүс өдрийн ихэнхийг түгшүүр, стресс зэрэг сөрөг мэдрэмжтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг болохыг тогтоосон байна. Чөлөөт цаг илүү эдлэхийн оронд тэд ажилдаа хамаг цагаа зарцуулдаг ажээ. Тэдний өөрсдийн нь тодорхойлсноор тэд сэтгэл санааны хувьд түгшүүр, уур хилэн, айдас хүйдэстэй байдалд байх нь олонтаа гэжээ. Аз жаргалыг мөнгөөр худалдан авдаггүй гэдэгт нэмж хэлээд байх зүйлгүй нь тодорхой.


Шашны олон сургааль бидэнд эд материалын хүсэлд автах нь аз жаргалгүй болгодог гэж сургадаг. Бийтлз хамтлаг мөнгөөр хайр, дурлалыг худалдаж авахгүй гэдэг байв. Бид өдрийн хоолтойгоо байдаг нь махны наймаачдын сайхан сэтгэл бус, түүний хувийн сонирхолтой холбоотой гэдгийг сануулсан Адам Смит хүртэл хэдийгээр эд баялаг хүн төрөлхтний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг байнга дэмжин тэтгэдэг нь үнэн ч эд баялагаас хүртдэг гэх ханамж нь үнэндээ “хуурамч зүйл” гэсэн байдаг. Гэлээ гэхэд энд ямар нэгэн учир битүүлэг зүйл байх мэт. Яагаад засгийн газар бүр нэг хүнд ноогдох үндэсний орлогыг дээшлүүлэхэд тэгтлээ их ач холбогдол өгдөг билээ? Яахаараа биднийг илүү аз жаргалтай болгодоггүй мөнгөний хойноос бидний олонхи нь тэгтлээ тэмүүлдэг билээ? Энэ асуултын хариу бидний хүсэл, зорилготой бодьгал болохтой холбоотой байж болох юм. Бид хэдийнээс хоол, хүнсээ олох гэж хүнд хөдөлмөр эрхэлж, хань ижилтэй болж, үр хүүхдээ өсгөхийн төлөө тэмцэж ирэгсдийн үр сад билээ. Нүүдэлчин нийгмийн хувьд зөөж, нүүж болохооргүй эд зүйлсийг эзэмших нь утгагүй байсан бол хүмүүс суурин сууж, мөнгөний харилцаанд орсноор энэ хязгаарлалт үгүй болсон. Уг нь мөнгөн хуримтлалыг тодорхой хэмжээнд бий болгох нь хүнд хэцүү цагт хэрэг болж, хамгаалах үүрэгтэй байсан бол өнөө үед зөвхөн тэр нь эцсийн зорилго болж, хүний байр суурь, нэр төрийн хэмжүүр болж, аливааг үйлдэхийн гол шалтгаан болсон байна. Мөнгө хийх үйлдэл л хийвэл зохих цорын ганц зүйл болоод бүхний хэмжүүр болж орхижээ. Энэ дэвсгэр дээр Америкийн нэрт баян Уоррен Баффетийн амьдралыг авч үзье. Өдгөө 75 настай Баффет амьдралынхаа 50-аад жилийг эд хөрөнгөө цуглуулахад зориулжээ. Форбс сэтгүүлд мэдээлснээр бол тэрбээр 42 тэрбум долларын хөрөнгөөрөө Билл Гэйтсийн ард л орох тэргүүн баячуудын нэг. Эндээс түүний ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулахдаа тэгтлээ дурладаггүй амьдралын хэв маяг нь харагдаж байна. Хэдий өглөгч зан гаргалаа ч түүнд асар их хөрөнгөөсөө өчүүхэн хэсгийг зарцуулахын тулд ихээхэн шахалт хэрэгтэй биз ээ. Энэ үүднээс үзэхэд Баффет эхний хэдэн тэрбумаа нэгэнт 1960-аад онд олоод авсан болохоор дахин хөрөнгө цуглуулахад хүч, хөдөлмөрөө зарцуулах нь огт утгагүй мэт санагдна. Баффет Адам Смитийн хэлсэнчлэн “хуурамч зүйл”-ийн золиос болов уу, эсвэл Канеманн болон түүний нөхдийн судалгаа илүү гүн гүнзгий учир холбогдлыг нээв үү?Тохиолдлоор Канеманны бичсэн өгүүллэг Баффет АНУ-ын түүхэнд гараагүй хамгийн том хандив хийснээ зарласан тэр долоо хоногт хэвлэлд гарсан юм. Баффет Билл болон Мелинда Гэйтсийн Санд 30 тэрбумыг хандивлаж, өөр хэд хэдэн сайн сананы санд 7 тэрбумыг хандивлажээ. Инфляцын төвшинг харгалзан үзсэн ч Эндрю Карнеги, Жон Д, Рокефеллер нарын хандив Баффетийнхэд хүрэхгүй байна. Баффет нэг цохилтоор өөрийн амьдралыг утга төгөлдөр болгов. Тэрбээр шашинд итгэдэггүй хүн тул түүний хандивыг хойт насанд олох ямар нэг ашигтай холбож үзэхийн аргагүй. Тэгэхээр Баффетийн амьдрал аз жаргал гээчийн талаар бидэнд юуг хэлнэ вэ?Магадгүй, Канеманны судалгаанаас үзвэл Баффет 1960-аад онд тэгтлээ их ажиллахаа больж, цуглуулсан хөрөнгөө ашиглан бридж тоглоход амьдралаа түлхүү зориулсан бол сэтгэлийн илүү эерэг ханамж олж, санаа амар байх байсан гэсэн дүгнэлтэд хүргэж болох мэт. Гэтэл ингэсэн тохиолдолд тэрбээр их хөдөлмөр, хөрөнгө оруулалтын гайхамшигт чадвараараа олсон хөрөнгө нь Гэйтсийн Сангаар дамжин дэлхийн хамгийн ядуу хэсгийнхнийг үхэлд хүргэх аюулт өвчнөөс гэтэлгэхэд тус болж байгааг үзэж, мэдрэхийн сайхныг эдлэхгүй байхсан. Тэгэхээр Баффет бидэнд аз жаргалд санаа амар байхаас арай илүү зүйл багтдаг гэдгийг сануулж байна. Copyright: Project Syndicate, 2006.

www.project-syndicate.org

Хэн нэгний блог сайтаас авсан бололтой, "DARAA UNSHIH" гэсэн нэр өгөөд хадгалчихсан файл байхаар нь тавьчихлаа. Эх сурвалжаа дурдсан шүү :-) Харин блогынх нь нэрийг мартчихаж...

Доорх онигооноос бизнесийг хамгийн сайн хийж чадсан хүний тухай ойлгох байх. Ер нь л санаа шүү дээ. Хүн бүр л хувийн бизнестэй болохыг боддог ч түүндээ хүрэх нь бага байдаг юм шиг байгаа юм. Би ч бас тэгж бодож явдаг хүмүүсийн нэг нь. Хамгийн гол нь өөрийгөө удирдах чанар буюу цаг, санхүү, хэл ярианы удирдлага, аливаа зүйлд хандах хандлага, өөрийн авъяасаа таниж мэдэх гэсэн эдгээр чанаруудыг одооныхоосоо өөрчилж шинээр бий болгож чадсан хүн л явж явж амжилтанд хүрдэг юм шиг.

Аав: Би чамайг миний хүссэн охинтой гэрүүлэхийг хүсэж байна
Хүү: Би өөрийнхөө хүссэн охинтойгоо гэрлэхийг хүсэж байна.
Аав: Гэхдээ тэр Билл Гейтсийн охин ш тээ.
Хүү: Аан тийм үү. ... За за. Би зөвшөөрлөө.

Аав Билл Гейтс дээр очив.
Аав: Би танай охинд нөхөр оллоо.
Билл Гейтс: Гэхдээ миний охин дөнгөж 18тай.
Аав: Гэхдээ тэр залуу World Bank-ны Vice-president.
Билл Гейтс: Аан тийм үү. …За за тэгвэл зөвшөөрлөө.

Аав World Bank-ны President дээр очив.
Аав: Би танайд Vice-President-ээр ажиллах хүн оллоо.
Ерөнхийлөгч: Гэхдээ манайд vice- president-ээр ажилд ороё гэсэн хүн зөндөө байгаа.
Аав: Гэхдээ тэр Билл Гейтсийн хүргэн.
President: Аан тийм үү. …За за зөвшөөрлөө.

Үүнийг л business гээд байгаа юм... Хэ хэ хэ

Би багадаа...



Энэ зурган дээрх хөөрхөн охин бол би. Эмээтэйгээ хоёулаа байгаа нь. Саяхан цомгоо үзэж байтал гарч ирэхээр нь сонин санагдаад, бас бага насаа санаж өөрийнхөө зурганд хайр хүрч байгаа гэж жигтэйхэн

Өөрийгөө зурсан хавар

Тэртээ 2006 оны 6-р сарын 11-ний бүтэн сайн өдөр үүнийг бичиж, http://sookoo.blogspot.com блогтоо оруулжээ. Эргэж уншихад их сонин санагдлаа..

... Гадаа бүрхэг хэрнээ сэтгэл цэлмэг байх. Нэг л ялгуун аялгуу зүрхний гүнд дуулдахуй, би амрагаан санасан байжээ... Нутгийн минь зөөлөн салхи намайг үлээгээгүй удсан агаад тэр үнэрийг би зүүднээсээ олж авах нь сонин... Заримдаа их хотын энэ хөл хөдөлгөөн уйтай санагдаж, эзгүй зэлүүд алсад одохсон гэж хүсэх. Хүн төрөлхтөн яах гэж энэ суурин соёл иргэншил гэдэг зүйлийг зохиосон юм, яах гэж хэрэгжүүлж яваа юм… огтоос ойлгомжгүй. Гэвч олны бодож олсон зүйл олиггүй биш байх нь лавтай. Эсэн бусийн бодол эргэлдэнэ...

Над руу урин харц шидсэн эрчүүд аятайхан харагдавч бүгдийг өмчилж эс болох агаад орчлон ертөнцийн эгэл юмсыг эгэл биш болгож хардаг, эсвэл тэр эгэл юмсын цаана ямар нэгэн гун утга учир гэж байгаа даа хэмээн бясалгах адармаат бодлоон би яалтайв. Амьдралын сайн хийгээд муухайг мэдэрч явах шиг жаргал үгүй ч тэр бүхнийг эргэцүүлсээр нэг л мэдэхэд сульдах биеэн би яалтайв.

Ай даа, асгартал уйлмаар ч юм шиг, Алтайн цаст уулсдаа энэ холоос дуулдтал аялгуулан дуулмаар ч юм шиг яасан сүрхий гэгэлзүүр өдрөв дээ. ..Хачин их тогтвортой болчихсон сэтгэл маань хаврын цас бороо холилдсон энэ л өдрүүдэд хайлан оргилж байна. Эрчлэн хуйлрах энэ их эрч хүчээ л харин зөв зарцуулж, хэрэгтэй зүйлд нь зориулахсан. Яг л нэгэн цагт эзэн Чингис цөс ихт монголчуудын омгийг дэлхий нийт руу залж, хожмын биднийг сайн нэртэй үлдээсэн шиг ...

Хийх ажлаа их гэж бодох тусам ихсдэг юм байна гэсэн этгээд бодол төрөхүйеэ ажлаа их гэж хэн нэгэнд туних бус харин тэр ихийг чимээгүйхэн амжуулчихаад үлдсэн цаг хугацаандаа сэтгэл зүрхээ чагнан суух нь жаргал ч юм шиг. Монголд төрсөн минь азтай шүү. Чухам энд л төрсөн учраас салхины өнгийг мэддэг болж, сарны аялгууг мэдэрдэг байж, сайхан харцанд дурладаг, саар бүхнийг эргэцүүлдэг юм шиг ээ...


Хааяа хааяа хэнтэй ч хамаагүй биеийн жаргал эдэхсэн гэх адын бодол төрөвч, нүгэлт энэ орчлонг цагаан өнгөөр будахсан гэх их хүсэл маань дийлж ч байх шиг. Заримдаа шал утгагүй...

Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд Аз жаргал хэмээх сувд шүүрэх гэж тэмцэж ядан яваа бүсгүйсэн үү би... Аливаад ухаалаг байх тусам өгч буй хариу үйлдэл улам тэнэг болдог орчлонгийн хяслийг сөрж л явна даа. Эмзэглэл, энэрэл хайр, сэтгэлийн их хүч, сэрэл мэдрэмжийг минь ойлгодог хэн бүхэнд баярлалтай.

Тийм ээ, би өөртөө итгэлтэй, өөдрөг зорилготой нэгэн. Бас шар үстэй. Алтран туяарах нарны өнгөтэй энэ үс маань урам зориг өгч, урагшлах хүсэл тэмүүллийг минь хурцалдаг. Гэтэл тэр үсний өнгө тэрслүүд энэ монголчуудад тэс өөрөөр ойлгогддог. Ийм л адармаатай ертөнцөд би амьдарч байна. Сонирхолтой, хэцүү бас гэгэлзүүр... Хайрын бал дутуу санагддаг ч юм уу хааяа хааяа хачин жигтэй харцанд дурлах. Хамгийн сүүлд дурласан тэр харцнаас хойш харин нам гүм. Тэр харц технологийн даралтанд ороод намайг ширтэх завгүй. Ийм л элдэвтэй, бас эргэцүүлүүштэй орчлонд би амьдарч байна.

Инээмсэглэх, бас дуулах сайхаан. Хорин зургаатай бусгүй халамцуухан шиг дуулж байна гээд та төсөөл дөө. Хорвоогийн амьдралын утгыг таньж мэдэх гэж, хөл тэгшхэн, хонго хөөрхөн, хөх хэлбэрлиг тийм л нэг бүсгүй дуулж байна... Сэтгэлээс гарсан тэр аялгуу нь харин хэл ус мэдэхгүй хүнд тийм ч амар ойлгогдохгүй баруун нутгийн түрлэгтэй... Тийм л нэг бусгүй дуулна. Биенийх нь хэлбэр монгол гэж анзаарагдах ч араас нь харвал шар үстэй, эвлэгхэн биетэй европ бүсгүй...

Заримдаа өөрөө өөртөө дурлах нь зүгээр ч юм уу Өөрийгөө олж, таньж байж орчлонгийн ороо бусгааг сөрөхөөс хойш... Омголон хэрнээ ухаалаг, ойлгомжгүй хэрнээ хэрсүү тийм л нэг бүсгүй ажиллаж, амьдарч, дурлаж, хайрласаар явна...

Ай , хорвоо сайхан шүү...


Сэтгүүлч Г.Солонго

Sunday, May 27, 2007

Титэм үг



Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ дагадаг...
Хэдхэн хоногийн өмнө энэ үгийг олж мэдлээ. Аль жилийн өмнө блог нээчихээд тавтай морил хэмээн худлаа залсандаа бантаад энэ удаа зориуд зорилго тавьж үзэл бодлоо буулгахаар шийдлээ.

Ертөнц биднийг яаж үнэлэх нь бид өөрсдийгөө яаж үнэлж байгаагаас шалтгаалдаг..., Та яг одоо хийж буй ажлаа түр орхиод сэтгэлээ чагна, Та наанаа зогсоод хаана явж байгааг олж мэд ... гэх мэт үгс урам өгнө.

Үг гэдэг агуу... Бухимдсан өдөр өөрийгөө үгээр тайвшруулж, баяртай мөчид урмаар шагнуулах хичнээн сайхан. Өнөөдрөөс эхэлж өдөр бүр түр зогсон өөрийгөө хаана яваагаа мэдэх гэж сэтгэлээ чагнахын тулд, өөрийгөө үнэлэхийн тулд урагшлахаар, бичихээр шийдлээ.

Өнөөдөр нэгэн танил маань эмэгтэй хүмүүс CV бөглөөд хэрэггүй, блог мэтээр өөрийгөө илэрхийлэх нь оновчтой санагддаг. Тэдний давуу тал бол их мэдрэмжтэй. Харин эрчүүд тэр бүр өөрийгөө илэрхийлж чаддаггүй... гэж хэллээ.

За ингээд олныг нуршихыг болъё. Цахим талбар дахь CV -г маань цаашид сонирхох эсэх нь таны хэрэг ээ. Юу бичихээ сэтгэл ухаан маань мэдсүгэй...
Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ дагадаг...
Хэдхэн хоногийн өмнө энэ үгийг олж мэдлээ. Аль жилийн өмнө блог нээчихээд тавтай морил хэмээн худлаа залсандаа бантаад энэ удаа зориуд зорилго тавьж үзэл бодлоо буулгахаар шийдлээ.

Ертөнц биднийг яаж үнэлэх нь бид өөрсдийгөө яаж үнэлж байгаагаас шалтгаалдаг..., Та яг одоо хийж буй ажлаа түр орхиод сэтгэлээ чагна, Та наанаа зогсоод хаана явж байгааг олж мэд ... гэх мэт үгс урам өгнө.

Үг гэдэг агуу... Бухимдсан өдөр өөрийгөө үгээр тайвшруулж, баяртай мөчид урмаар шагнуулах хичнээн сайхан. Өнөөдрөөс эхэлж өдөр бүр түр зогсон өөрийгөө хаана яваагаа мэдэх гэж сэтгэлээ чагнахын тулд, өөрийгөө үнэлэхийн тулд урагшлахаар, бичихээр шийдлээ.

Өнөөдөр нэгэн танил маань эмэгтэй хүмүүс CV бөглөөд хэрэггүй, блог мэтээр өөрийгөө илэрхийлэх нь оновчтой санагддаг. Тэдний давуу тал бол их мэдрэмжтэй. Харин эрчүүд тэр бүр өөрийгөө илэрхийлж чаддаггүй... гэж хэллээ.

За ингээд олныг нуршихыг болъё. Цахим талбар дахь CV -г маань цаашид сонирхох эсэх нь таны хэрэг ээ. Юу бичихээ сэтгэл ухаан маань мэдсүгэй...